1964 онд байгуулагдсан 53 жилийн түүхтэй Тэлмэн сумын Хүүхдийн цэцэрлэгт
120 гаруй хүүхэд сурч хүмүүждэг. Гэвч хуучин барилгын материалаар аж
ахуйн аргаар барьсан 50 хүүхдийн багтаамжтай байранд 2005 оноос хойш 12
дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн байрны багтаамж
хүрэлцээгүйн улмаас 4 гэр нэмэлтээр барьж 2 бүлгийг хичээллүүлж байгаа
юм. Хүүхдийн сурч боловсрох энэхүү нөхцөлийг харгалзан Япон улсын
Засгийн газрын 711 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар 150 ортой
хүүхдийн цэцэрлэгийн барилгыг энэ оны 07-р сарын 15-аас эхлүүлж
өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Гэвч
Гүйцэтгэгч компани болох “Кэнжикү” ХХК Тэлмэн сумыг нэгдсэн халаалт,
шугам сүлжээтэй "Жишиг сум" болно гэж тооцоолон хийсэн зураг төслийн
дагуу ажлаа гүйцэтгэсэн учраас нэмэлтээр халаалт, цэвэр ус, худаг, гадна
инженерийн шугам сүлжээ зэрэг ажлыг хийхэд 200 сая төгрөг шаардлагатай
байгаа юм байна. Хэрвээ дээрх хөрөнгийн асуудал богино хугацаанд
шийдэгдвэл сумын хүүхдүүд энэ өвөл тохьтой дулаан орчинд суралцах
боломж бүрдэнэ.
“Кэнжикү” ХХК хүйтрэхээс өмнө бохирын цооног, дотор инженерийн шугам
сүлжээ, заслын ажлуудыг дуусгажээ. Үлдсэн хөрөнгийн асуудал шийдэгдвэл улсын комисст хүлээлгэж өгөх боломжтой гэдгийг хэллээ.
Тэлмэн сумын хүүхдийн цэцэрлэг 4 бүлгээр хичээллэж байгаа бөгөөд 150
хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсноор 6 бүлэг хичээллэж
сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 100 хувьд хүрнэ.
