
Тэлмэн сумын мал сүрэг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч хагас жилээр 202.3 мянган толгой мал тоолуулжээ. Гэвч 90 гаруй мянган мал бэлчээрлэх даацтай учраас бэлчээрийн даац ихээхэн хомсдож байгааг хэлж байна. Цаашид малын тоо толгойд бус чанарт анхаарах зайлшгүй шаардлага тулгарчээ. Завхан аймаг малчдаа урамшуулан дэмжих, асуудлуудыг нь шийдвэрлэх, залуу малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ирэх жилүүдэд "Сайн малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 24 сумын 115 багийн малчдаас санал аваад байна.
Чуулганы үеэр нүүдэлч удмын гал голомтоо сахин, эцэг эхээс уламжилсан малч ухаан, туршлагаараа үеийн залуусаа манлайлсан залуу малчдыг шагнаж урамшууллаа.
Тэлмэн сумын залуу малчид сумынхаа МАА-н өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, малын эрүүл мэндийн сургалтанд хамрагдлаа. Мөн төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулсан байна. Тус сумын малчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан бөгөөд 1117 тн өвс, 12 тн байгалийн хадлан, 115 тн малын тэжээл бэлтгэжээ.

